Ковид-19 цар тахлын хорио цээрийн дэглэмийг сулруулснаас үүдэн гарсан сургамж: ази номхон далайн болон европын бүсийн орнуудын туршлагад хийсэн дүн шинжилгээ
Судалгааны хураангуй
КОВИД-19 цар тахал нь урьд өмнө тохиолдож байгаагүй дэлхий нийтийг хамарсан
эдийн засгийн хямралыг үүсгээд байна. Олон улс орнууд амьсгалын замын цочмог
халдварт коронавирусийн тархалтыг удаашруулах, эрүүл мэндийн системийг хэт
ачааллахаас сэргийлэх зорилгоор хүн амын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон,
зарим улс орнууд бүхэлдээ болон хэсэгчлэн хөл хорио тогтоосон. Гэсэн хэдий ч
КОВИД-19 цар тахлыг эмчлэх үр дүнтэй арга, урьдчилан сэргийлэх вакцин гарах
байх гэсэн хүлээлттэйгээр хэрэгжүүлж байгаа хөл хорио болон бусад хатуу чанга
арга хэмжээнүүдийг удаан хугацаанд үргэлжлүүлэх боломжгүй болоод байна. Улс
орнуудын Засгийн газрууд одоо хөл хорио, хязгаарлалтаа сулруулахын зэрэгцээ
эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа олон асуудлуудаа шийдвэрлэх
шаардлагатай тулгараад байна. Улс орнуудад харилцан биенээсээ суралцахад
туслах зорилгоор энэхүү Эрүүл мэндийн бодлогын судалгаа нь КОВИД-19 цар
тахлын хязгаарлалтыг сулруулж эхлээд байгаа өндөр хөгжилтэй 9 орон болон
бүс нутгуудад хэрэгжүүлж буй арга хэмжээг судлах зорилготой болно.
Эдгээр 9 улсын 5 нь Ази Номхон Далайн бүс (Хонконг (Засаг захиргааны онцгой
бүс), Япон, Шинэ Зеланд, Сингапур, Өмнөд Солонгос), 4 нь Европын улсууд
(Герман, Норвеги, Испани, ИБУИНВУ) байна. Энэхүү харьцуулсан шинжилгээ
судалгаа нь эдгээр орнууд, бүс нутгуудын туулсан жишээ, сургамжаас суралцах
боломжийг олгохыг зорьж байгаа юм. Ирээдүйд вирус яах нь тодорхойгүй байгаа
тул улс орнууд хуримтлуулсан туршлагаа хуваалцах, эрсдэлтэй байгаа ард
иргэдээ сэргийлэх, ард иргэдийнхээ амь насыг хамгаалахын тулд халдварын
тархалтыг таслан зогсоох шаардлагатай байна.