Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо ба цалин хөлсний систем: олон улсын туршлага, зөвлөмж
Судалгааны хураангуй
Судалгааны ажлыг захиалагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу эрүүл мэндийн салбарын
ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэх боломжийг судлах зорилгоор гүйцэтгэлээ.
Сэдвийн хүрээнд дараах 2 бүлэг асуудлыг гүнзгийрүүлэн судалж, харьцуулсан
шинжилгээ хийсэн болно. Үүнд:
1) Эрүүл мэндийн тогтолцоон дахь олон улсын санхүүжилтийн загварууд,
тэдгээрийн онцлог, давуу болон сул талууд, шилжилтийн эдийн засагтай
орнуудын эрүүл мэндийн санхүүжилтийн загвар ба түүний шинэчлэл, олон улсын
байгууллагуудаас гаргасан эрүүл мэндийн санхүүжилтийн талаарх зөвлөмж
болон бусад орнуудын эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны загвар,
бодлого-эрх зүйн орчин, санхүүжилтийн арга, механизмын талаарх практик
туршлага
2) Эрүүл мэндийн тогтолцоон дахь эмч, эрүүл мэндийн ажилтнуудын цалин
хөлсний систем, тэдгээрийн онцлог, давуу болон сул талууд, шилжилтийн эдийн
засагтай орнуудын эрүүл мэндийн салбарын цалин хөлсний шинэчлэлийн
бодлого, эрх зүйн орчин, цалин, урамшууллын механизмын талаарх практик
туршлагуудыг харьцуулан судаллаа.
Судалгаанд эрүүл мэндийн санхүүжилтийн олон улсад түгээмэл хэрэглэгдэж байгаа
загваруудыг нутагшуулсан орнуудын төлөөллүүд, мөн эрүүл мэндийн ажилтнуудын
цалин хөлсний дэвшилтэт системийг нэвтрүүлсэн, манайхтай ижил шилжилтийн эдийн
засагтай орнуудын төлөөллүүд болох АНУ, Израил, БНСУ, Шинэ Зеланд, Япон, Перу, ОХУ,
Казахстан, Монгол зэрэг орнуудыг хамруулав.