Шүүхийн эрх зүйн шинэтгэл дэх шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагын тогтолцооны асуудал
Судалгааны хураангуй
Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийн хараат бус
байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой зохицуулалтыг оруулсан
бөгөөд түүнээс хойш энэхүү нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд тулгуурлан хууль
тогтоомжуудыг нийцүүлэх эрх зүйн шинэтгэлийн ажил идэвхтэй өрнөж байна. Үүний нэг нь
Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн
тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг
Улсын Их Хурал (УИХ) хэлэлцэж байна.
Парламентын судалгааны хүрээлэн (ПСХ) нь УИХ-аар хуулийн төсөл хэлэлцэх явцад
шаардлагатай судалгаа, шинжилгээний ажлаар хангах чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын
шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан судалгаа хийхээр
төлөвлөсөн.