Судалгааны хураангуй
Боловсрол, сургах зүйн ухааны эрдэмтэн, багш нарын үзэж буйгаар бол “Иргэн” хэмээх ухагдахуунд зөвхөн үндэстнийхээ амин чанарын үүднээс хандаж байгаа нь “иргэний боловсрол” олгох олон төрлийн аргуудыг хязгаарлаж буй шалтгаан юм. Олон улсын чиг хандлагад тулгуурлан “Дэлхийн иргэний боловсрол” хэмээх ойлголтыг боловсруулж хөгжүүлэгчид “иргэн” хэмээн ойлголтыг тухайлсан нэг улс үндэстнээс ахиулж, үгүйсгэж биш, даян дэлхийд хамааруулж, хувирган өөрчлөх боловсролын хэлбэрүүдийг бий болгож өгсөн.
Дэлхийн иргэний боловсролын тухай хэлэлцүүлэг 2012 оноос хойш эрчээ авч, олон улсын болон бүс нутаг, үндэсний хэмжээний хурал зөвлөгөөн, форум, семинаруудын голлох сэдэв байж, улмаар 2014 онд Мускат хотноо зохион байгуулагдсан “Боловсролыг бүх нийтэд!” олон улсын хурлаар дэлхий нийтийн сэдэв болсон юм.
ЮНЕСКО дэлхийн иргэний боловсролыг “шударга, энх тайван, хүлээцтэй, хүртээмжтэй, аюулгүй, тогтвортой нийгмийг бүтээхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, үнэт зүйл, үзэл хандлагыг боловсролоор дамжуулан суралцагчид хэрхэн олгохыг багцалсан цогц загвар юм” хэмээн тодорхойлжээ. Энэ нь дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлуудыг нийгэм, улс төр, соёл, эдийн засаг, хүрээлэн буй орчны гэх мэт олон хэмжээст ойлгох, шийдвэрлэхэд боловсролын үүрэг, ач холбогдлыг ухамсарлан ойлгох өөрчлөлтийг тодорхойлж буй хэрэг. Түүнчлэн боловсрол нь суралцагчдын мэдлэг, сэтгэн бодох ур чадварыг хөгжүүлээд зогсохгүй, үнэт зүйл, харилцааны зөөлөн ур чадварууд, үзэл хандлагыг хөгжүүлэн төлөвшүүлснээр олон улсын хамтын ажиллагаа, нийгмийн өөрчлөлтийг авч ирэх боломжтой болох юм. Дэлхийн иргэний боловсрол нь:
• Орон нутаг, улс орон, дэлхийн хэмжээний нийгмийн хөгжлийн бүхий л асуудалд идэвхтэй, хариуцлагатай оролцох чадамжтай иргэнийг бэлтгэх;
• Олон янзын соёлыг хүндэтгэдэг, соёл хоорондын ойлголцлыг дэмждэг, соёл хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чадамжтай иргэнийг бэлтгэх;
• Орон нутаг, улс орон, дэлхийн хэмжээний зөрчил мөргөлдөөний учир шалтгааныг шүүмжтэйгээр ойлгодог;
• Шударга, энх тайван, хүлээцтэй, хүртээмжтэй, аюулгүй, тогтвортой нийгмийг бүтээхэд хувь хүний болон бие хүний түвшинд оролцоход иргэдийг чадавхжуулах зэрэг багтана.