Дэлхийн зарим орны худалдааны асуудал хариуцсан төв байгууллагын тогтолцоо, гадаад худалдааны бодлого ба экспортыг дэмжих, дотоод зах зээлээ хамгаалах импортын бодлогын арга хэмжээний талаарх туршлага
Судалгааны хураангуй
Үндэсний Засгийн газруудаас олон улсад, тэр дундаа Дэлхийн худалдааны
байгууллага (ДХБ)-ын олон талт хэлэлцээрүүдээр хүлээсэн үүргийнхээ
хүрээнд гадаад худалдааны бодлогоо боловсруулан хэрэгжүүлэх бөгөөд тэр нь
худалдаанд эерэг болон сөрөг байдлаар нөлөөлж байдаг. Олон улсын практикт
Засгийн газруудаас дараах худалдааны бодлогуудыг хэрэгжүүлж байна.39 Үүнд:
1. Худалдааны либерал бодлого;
2. Худалдааны протекционист (хамгаалах) бодлого.
Худалдааны либерал бодлого гэдэг нь төрөөс олон улсын худалдаанд
аливаа зохицуулалтыг их хязгаарлагдмал хүрээнд буюу маш бага хэмжээгээр
хийхийг хэлнэ. Давуу тал нь харьцангуй зардал багатай, хэрэглэгчдэд бараа,
бүтээгдэхүүн, үйлчилгээг харьцангуй хямд үнээр хүргэх, тэргүүний техник,
технологийг нэвтрүүлэхэд хялбар байхаас гадна хүнд суртал, хээл хахуулийг
хязгаарлах боломжтой гэж үздэг байна.